ЦАЦРАГИЙН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

ЦАЦРАГИЙН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

            Товч түүх:

Бүгд найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1990 оны 152 дугаар тогтоолоор Улсын Иргэний хамгаалалтын газарт Цацраг болон хими, биологийн хордолтыг шуурхай илрүүлж мэдээлэх, гамшиг, ослын хор уршгийг урьдчилан тооцох, үнэлэх үүрэг бүхий шинжилгээний төв байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 93 дугаар тогтоолоор “Цацрагийн голомтыг аюулгүй болгох ажиллагаанд хяналт тавих лаборатори”-ийг Улсын Иргэний хамгаалалтын газрын харьяанд байгуулсан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах ерөнхий газрын бүтцэд Гамшгийн судалгааны төвийг байгуулсан бөгөөд энэхүү бүтцэд цацрагийн лаборатори багтах болжээ.

 Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдын 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалаар хуучнаар Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Сургалт, шинжилгээний хэлтэс, Гамшгийн судалгааны төвийг нэгтгэж “Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн” болгож өргөтгөн зохион байгуулсан.

Манай лаборатори Олон улсын атомын энергийн агентлагтай хамтарч “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах олон улсын загвар төсөл /RAS-035/”-ыг хэрэгжүүлж, төслийн хүрээнд 20 орчим сая төгрөгийн цацрагийн түвшин хэмжих багаж, хүлээн авч хүчин чадавхиа нэмэгдүүлсэн.

Түүнчлэн “Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх төсөл” боловсруулж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-тай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд цацрагийн бохирдлоос сэргийлэх багаж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн.

Лабораторийн зорилго:

Цацрагийн бохирдолтод хяналт тавих лаборатори нь цацрагийн ослын бүсэд гамма, бета цацрагийн бохирдолтыг илрүүлэх, цөмийн гамма, бета цацрагийн бохирдолтын чадал, эквивалент тунгийн хэмжээг тодорхойлох, цацраг үүсгэгч элементийг тогтоох, цацрагийн ослын цагийн байдлыг үнэлэх, цацрагийн ослын голомтод тандалт, үнэлгээ ба хяналт хийх, ослын үеийн шуурхай бүлгийн үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.

Лабораторид хийх туршилт, шинжилгээний ажил:

- Дээжийн цацраг идэвхит чанарыг тодорхойлох;

- Цацрагийн төрлийг тогтоох, альфа ба бета бөөмсийн урсгалыг хэмжиж, гадаргуугийн бохирдолтыг тодорхойлох;

- Шингээгдсэн цацрагийн эквивалент тун, тунгийн чадалыг тодорхойлох;

- Альфа, бета, гамма цацрагийн бохирдолтын чадал, үүсгүүрийн идэвхи, үүсгүүр элементийг тодорхойлон шалгах гэх мэт туршилт шинжилгээг хийн гүйцэтгэж байна.