Товч түүх:  

Батлан хамгаалахын сайдын 1975 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар Улсын иргэний хамгаалах газрын тайван цагийн орон тоонд лаборатори байгуулсан нь одоогийн химийн лабораторийн анхны үүсэл болсон гэж үздэг. Тухайн үед химийн лаборатори нь Төв аймгийн Баянчандмань суманд байрлан үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд улсын хэмжээнд ашиглагдаж байсан хими, цацрагийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид хэмжилт, тохируулга, засвар хийх ажлыг гүйцэтгэж байв.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар захирамжаар дээрх нэгжүүдийг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрын бүтцэд Гамшгийн судалгааны төв, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдын 2005 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалаар хуучнаар Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Сургалт, шинжилгээний хэлтэс, Гамшгийн судалгааны төвийг нэгтгэж “Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн”, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 156 дугаар тогтоолын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх “Гамшиг судлалын хүрээлэн” зэргээр өөрчлөгдөн байгуулагдахад тус химийн лаборатори нь үндсэн үүргээ өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ.

2006-2007 онд Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КOICA)-ийн санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх” төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэлт хийгдсэн бөгөөд 2013 онд мөн тус байгууллагын санхүүжилтээр “Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний ажлын чадавхыг нэмэгдүүлэх” нэмэлт төсөл хэрэгжүүлж лабораториудын агааржуулалтын систем, багаж тоног төхөөрөмжийн урсгал засвар зэргийг хийж гүйцэтгэн сорилт шинжилгээ гүйцэтгэх хүчин чадавхиа нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Тус лабораторийн сорилт гүйцэтгэх техникийн чадавхи болон лабораторийн чанарын удирдлагын тогтолцооны үйл ажиллагаа нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007” стандартын шаардлагыг хангасан тул Стандартчилал, хэмжил зүйн газраар 2012, 2015 онуудад итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна

Химийн лабораторийн зорилго:      

Химийн лаборатори нь химийн хорт болон аюултай бодисын холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах талаар лабораторийн туршилт судалгаа хийх, химийн ослын үед шаардлагатай туршилт шинжилгээг хээрийн болон суурин лабораторийн нөхцөлд батлагдсан стандарт арга зүйн дагуу орчин үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан, үнэн зөв, баталгаатай хариу гаргаж, үр дүнд тулгуурлан дүгнэлт, зөвлөмж боловсруулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх үндсэн зорилготой. 

Лабораторийн үйл ажиллагаа:        

  • Химийн хорт болон аюултай бодисоор бохирдсон хөрсөнд шатах тослох материал, органик хольц, мөнгөн усны хэмжээ тодорхойлох туршилт шинжилгээг хийж, дүгнэлт гаргах;  
  • Химийн хорт болон аюултай бодис тархсан эсвэл тархсан байж болзошгүй гадна болон дотор агаарт химийн бодисын хэмжээ, концентраци тодорхойлох;
  • Химийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах талаар судалгаа хийж, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад мэргэжил аргазүйн заавар зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.