Товч түүх:

Тус лаборатори нь анх 1963 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сайд нарын зөвлөлийн 612 тоот тогтоолоор ЦЕГ-ын Галын аюулаас хамгаалах хэлтсийн “Туршин шалгах станц” нэртэйгээр байгуулагдан барилгын хийц бүтээцийн гал даах чанар, техник технологийн болон бодис материалын галын аюулын шинж байдал, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохтой холбогдсон асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан.

2005-2008 онд Унгар Улсын буцалтгүй тусламж, 2014 онд Солонгос Улсын Койка Олон Улсын байгууллагаас лабораторийн чадавхыг сайжруулах нэмэлт санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хүрээнд тус лаборатори нь Олон улсын лабораторийн чанарын MNS ISO 17025-2007 стандартын шаардлагыг ханган, 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс улсын итгэмжлэгдсэн лаборатори болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Лабораторийн зорилго:

Монгол Улсын хэмжээнд барилгын материал ба бусад төрлийн тоног төхөөрөмжийн шинжилгээ, сорилт, судалгаа ба туршилтын аргын стандарт нэвтрүүлж, боловсронгуй болгох, иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хүсэлт, захиалгаар барилгын материал бусад тоног төхөөрөмжид шинжилгээ, сорилт туршилтыг батлагдсан стандартаар чанарын өндөр түвшинд хийж, үнэн зөв, баталгаатай хариугаар үйлчлүүлэгчдийг хангахад оршино.

Лабораторид хийгддэг туршилт, шинжилгээний ажил:

 а/ Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлох чиглэлээр:

  • Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол, Прокурорын тогтоол, Цагдаагийн байгууллагын эрүүгийн болон мөрдөн байцаах тасгийн мөрдөгчдийн тогтоолын дагуу гал түймэр гарсан хэргийн газраас ирүүлсэн дээж бүтээгдэхүүнд туршилт, шинжилгээг хийж дүгнэлт гаргах;

Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлоход ач холбогдол бүхий бодис материалын галын аюулын шинж чанарыг тодорхойлох харьцуулсан туршилт шинжилгээ хийх;

б/ Бодис материалын шатах үзүүлэлтийг тодорхойлох чиглэлээр:

  • Хатуу болон даавуун материалын босоо хэвтээ шаталтын хурд, шатах ангилал ШҮ,Ш1,Ш2,Ш3,Ш4 авалцан асах ангилал Д1,Д2,Д3 дөлний тархан дэлгэрэлтийн ангилал TY1,TY2,ТY3,TY4 гэх мэт зэрэглэл тогтоох;
  • Барилгын зориулалттай материалын тэсвэрлэн шатах шинж чанар, температурыг тодорхойлох;
  • Шаталтын үеийн гадаргын болон дотоод температурыг тодорхойлох шингэний хүчиллэг, шүлтлэгийн хэмжээг тодорхойлох
  • Шатдаг болон тэсвэрлэн шатдаг материалын шаталтын үеийн дулааны хэмжээг тодорхойлох
  • Барилгын материалын авалцан асалтын температурыг тодорхойлох;

в/ Гал унтраах зориулалттай бодисын чанар тодорхойлох чиглэлээр:

  • Гал унтраах хөөсний өсөлт, тогтоц, орчин, зуурамтгай чанарыг тодорхойлох;
  • Гал унтраах нунтаг бодисын чанарыг шалгах гэх мэт туршилт шинжилгээг хийж гүйцэтгэж байна.