Гамшиг судлал нь эрсдэлийн удирдлагын стратегийн асуудлуудыг судлаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хамгийн үр ашигтай болгох, гамшгийн урьдчилсан таамаг гаргах, хохирлыг бууруулахад нийгмийн харгалзах бүх институцийн үр нөлөөг дээшлүүлэх, иргэний болон нийгмийн хамгаалалтыг дээшлүүлэх зэрэг нийгмийн гаралтай захиалгыг шийдэхэд чиглэдэг.

Гамшгаас хамгаалах салбарт судалгаа, эрдэм шинжилгээний бие даасан байгууллага байх хэд хэдэн нөхцөл бүрэлдсэн байв. Тухайлбал,

– Гамшгаас хамгаалах чиглэлээр туршилт, шинжилгээ явуулах чиг үүрэгтэй нэгжүүд 1964 онд Сайд нарын Зөвлөлийн 612 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Галын аюулаас хамгаалах хэлтсийн Туршин шалгах станц нэртэйгээр барилгын хийц, бүтээцийн гал тэсвэрлэх чанар, техник технологийн болон бодис материалын галын аюултай шинж байдал, гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохтой холбогдсон асуудлыг шийдвэрлэх зорилгоор Галын шинжилгээний сектор, Засгийн газрын 1990 оны 152 дугаар тогтоолоор Улсын Иргэний хамгаалалтын газарт Цацраг болон хими, биологийн хордолтыг шуурхай илрүүлж мэдээлэх, гамшиг, ослын хор уршгийг урьдчилан тооцох, үнэлэх үүрэг бүхий шинжилгээний төв, мөн газрын харьяанд Засгийн газрын 1994 оны 93 дугаар тогтоолоор “Цацрагийн голомтыг аюулгүй болгох ажиллагаанд хяналт тавих лаборатори” байгуулагдан үйл ажиллагаа явуулж байлаа.

1.    Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн (2005-2006 он)

Гамшгаас хамгаалах салбарт судалгааны байгууллагын ач холбогдол өндрөөр тавигдаж байгаатай холбоотойгоор сургалт, судалгаа, шинжилгээний төвүүдийг нэгтгэж ОБЕГ-ын даргын 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тушаал, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 тоот тушаалаар Сургалт шинжилгээ, судалгааны хэлтэс, Гамшгийн судалгааны төвийг нэгтгэн ОБЕГ-ын харъяа Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шийдвэр гарч орон тоог баталж байжээ.

2.   Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Онцгой байдлын албаны эрдэм шинжилгээний хүрээлэн (2006-2008 он)

ОБЕГ-ын даргын 2006 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 106 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Хангалт үйлчилгээний анги, Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж сургалтын чиг үүрэг ОБЕГ-т шилжсэн байдаг. Мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 546 тоот ОБЕГ-ын даргын тушаалаар хүрээлэн нь Онцгой байдлын албаны эрдэм шинжилгээний хүрээлэн болж бие даасан байгууллага болон өрх тусгаарласан билээ.

3.   Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн (2008-2010 он)

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, аврах хор уршгийг арилгах, сэргээн босгох асуудал нь төр засгийн бодлогын хүрээнд тавигдаж байсны учир тухайн үеийн буюу 2008-2012 онд Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Гамшгаас хамгаалах талаар онолын суурь болон хавсарга судалгааг хөгжүүлнэ. Гамшгийн судалгааны байгууллагыг тусгай хөтөлбөрөөр хөгжүүлж, эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн материаллаг баазыг бэхжүүлнэ. Гамшгийн судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлын үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлнэ” гэж тусгагдсан.

Энэхүү хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлж Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 156 тоот тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Онцгой байдлын албаны эрдэм шинжилгээний хүрээлэнг Онцгой байдлын ерөнхий газрын харъяаны Гамшиг судлалын хүрээлэн болгон өргөтгөн зохион байгуулсан.

Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хүрээлэн нь 2008 оны 6-р сарын 16-нд БСШУЯ-наас Улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар төрийн өмчийн 35 дахь эрдэм шинжилгээний хүрээлэн болж үйл ажиллагаагаа явуулсан.

4.   Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн (2011-2014 он)

Монгол Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрт “Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлэх” талаар тодорхой зааж өгсөн.

Монгол Улсын хөгжил нь их бүтээн байгуулалтын эрин үетэйгээ золгож бүх салбарт дэвшилтэт техник, технологи эрчимтэй нэвтэрч үүнээс үүдэн шинэ төрлийн эрсдэлүүд үүсч байгаа нь уламжлалт ба уламжлалт бус аюул занал манай улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалыг улам бүр нэмэгдүүлж байна.

Өсөн нэмэгдэж буй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, лабораториудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор Гамшиг судлалын хүрээлэнгийн бүтцэд ОБЕГ-ын даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 568 тоот тушаалаар гал, хими, цацраг, зайнаас тандан судлах лабораториудыг Нэгдсэн лаборатори болгож өөрчилж тус хүрээлэн нь Гамшиг судлалын төв, Нэгдсэн лаборатори гэсэн 2 нэгжтэй зохион байгуулагдсан байна.

5.   Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн (2015-2017 он)

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа орчин үед гамшгийн эрсдэлийг бууруулах, эрсдэлийг бууруулах засаглалыг хөгжүүлэх, дэвшилтэт техник, технологийг өргөнөөр ашиглахад бүхэлдээ чиглэж байна.

Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн ОБЕГ-ын даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/46 тоот тушаалаар Инноваци хариуцсан нэгж, Гамшгийн удирдлагын судалгааны төв, Гамшгийн туршилт, шинжилгээний төв гэсэн үндсэн 3 нэгжтэйгээр захиргаа үйлчилгээний ажилтан нийлсэн орон тоотой баталсан.

6.   Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн (2018 оноос)

ОБЕГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 23 -ны өдрийн б/218 тоот тушаалаар Инновацийн төв, Гамшгийн судалгааны төв, Улсын нөөц судлалын төв, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв гэсэн үндсэн 4 нэгжтэйгээр захиргаа үйлчилгээний ажилтан нийлсэн орон тоотой батлагдсан.

7.   Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн (2022 оноос)

Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар тогтоолоор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнг Гамшиг судлалын үндэсний хүрээлэн Захиргаа, Санхүү 1 нэгж, Инновацийн төв, Гамшиг судлалын төв, Нөөц судлалын төв, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв гэсэн 4 төвтэйгээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.