Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн цахим хуудсанд тавтай морилно уу.

     Юуны өмнө, Гамшгаас хамгаалах салбарын хөгжилд хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн ахмад үеийнхэн, тэдний үйл хэргийг залгамжлан яваа шинэ үеийн офицер, ахлагч нар, судлаачид, салбарын нийт ажилтан, ажиллагсдад болон бидэнтэй хамтран ажилладаг үйлчлүүлэгч, харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

     Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь анх Монгол Улсын Шадар сайдын 2005 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 63 тоот тушаалаар Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн нэртэйгээр байгуулагдан, Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаар тогтоолоор ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнг ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН нэртэйгээр Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацд суурилсан гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэгч тэргүүлэгч хүрээлэн болгох зорилгоор ажиллаж байна.

     Үүнийгээ дагаад хүрээлэнгийн үйл ажиллагаа, бүтэц, нэгжийн тоо нэмэгдэж, Нөөц судлалын төв, Инновацийн төв, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв, Гамшиг судлалын төв гэсэн дөрвөн төв, “Байгалийн эрдэст багсармал тэжээл”-ийн гарааны компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлсэн анхны эрдэм шинжилгээний хүрээлэн, Олон улсын  MNS ISO/IEC 17025:2018 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангасан галын лабораторитой боллоо.

     Эрдэмтэн судлаачдын бүтээл нь аюулт үзэгдэл, ослын тоо, төрөл, давтамж жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед салбар дундын шинжлэх ухаан болох гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгааг цохон тэмдэглэе.

     Гамшиг судлалын үндэсний хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр 2005-2021 онд 448 судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, 142 судалгааны ажлын тайлан, 2 хууль, 24 журам, 26 заавар, 21 стандарт, 2 шинэ бүтээлийн патент, 5 шинжлэх ухаан технологийн төсөл, 43 гарын авлага, сурах бичиг, 48 ном товхимол, 143 дотоодод хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, 23 гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл, 34 үнэлгээний аргачлал, судалгааны үр дүнгийн 58 хувь нь Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд нэвтэрч, болого, үйл ажиллагааны инновац болон хэрэгжиж байна.

     Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн хамт олон бид өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа бататган, цаашид олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай, шинжлэх ухаан, туршилт судалгаа, инновацид суурилсан тэргүүлэгч хүрээлэн болох зорилтыг манай хамт олон дэвшүүлэн ажиллаж байгааг дашрамд уламжлахад таатай байна.

     Та бүхний билгийн мэлмий тунгалаг, эрдмийн үзэг хурц, оюуны бүтээл тань арвин байх болтугай.

ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph.D), ХУРАНДАА Ж.АМГАЛАН