Уншигч та бүхэндээ Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2021 онд хийсэн ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН НӨЛӨӨЛӨЛ” сэдэвт судалгааны ажлыг тоймлон хүргэж байна.

Судалгааны ажлын удирдагч: доктор (Ph.D), дэд хурандаа Д.Сэржмядаг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга

Гүйцэтгэгч: доктор (Ph.D), дэд хурандаа П.Чимэдцэрэн, Эрдэм шинжилгээний ажилтан,

                   доктор (Ph.D), ахмад Т.Өсөхжаргал, Эрдэм шинжилгээний ажилтан,

                   Б.Ариунтунгалаг, Химич-судлаач, ахлах дэслэгч.

 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ХУРААНГУЙ

Picture background

Гамшгаас хамгаалах менежментийн үе шат бүрт олон төрлийн оролцогчдод янз бүрийн мэдээлэл шаардлагатай болдог. Ялангуяа онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээ, гамшгийн үеийн аврах, хор уршгийг арилгах ажиллагаанд үүссэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирол болон түүнтэй тэмцэх нөөцийн бэлэн байдлын тухай үнэн бодитой мэдээ, мэдээлэл нэн шаардлагатай байдаг. Орчин үед мэдээллийн технологийн эрчимтэй хөгжлийн ачаар мэдээллийг түгээх, хүлээн авах өргөн сонголт бий болсон. Эдгээрээс хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа нь цахим хуудас, нийгмийн сүлжээ юм. Байгалийн гамшиг, онцгой байдлын үед мэдээллийг хурдан дамжуулдаг гэдэг утгаараа нийгмийн сүлжээний хэрэглээ эрс нэмэгддэг.

Монгол Улсад нийгмийн сүлжээ идэвхитэй хэрэглэдэг 2,2 сая иргэн байна. Нийслэлийн иргэдийн 84%, орон нутгийн иргэдийн 77% нь буюу 1,724,767 иргэн фэйсбүүк идэвхитэй хэрэглэгчид байна. Тэгвэл нийгмийн сүлжээ ашигладаг 15-60 насны 10 хүн тутмын 8 буюу 1.7 сая гаруй хүний 95% нь гар утаснаас холбогддог. Харин 14-21 хүртэлх насны залуус ажлын өдрийн 6 цагийг буюу ухамсарт амьдралынхаа 50 хувийг нийгмийн сүлжээнд зарцуулж, амьдралынх нь 50% сошиал орчинд өрнөдөг. Үүнээс үзэхэд сошиал медиа буюу нийгмийн сүлжээ нь хувь хүн, байгууллагад өөрсдөө интернет ашиглан мэдээллийг хурдан түгээх боломжийг бүрдүүлсэнтэй холбоотойгоор мэдээллийн хамгийн хүчтэй суваг болсон.

Хэвлэл мэдээллийн нөлөө гэж тодорхой зорилтот түвшин (хувь хүн, нийгэм, байгууллага, бусад макро нэгжүүд) шууд болон шууд бус хэлбэрээр санаатай болон санамсаргүй байдлаар явагддаг хэвлэл мэдээллийн нөлөөллийн үйл явц юм. Нөлөөллийн түвшинг 2 хуваан авч үздэг.

  • Хувь хүний түвшний буюу хувь хүнд үзүүлэх нөлөөлөл.
  • Макро түвшний нөлөө буюу олон нийт, байгууллага, аль нэг салбар, нийгэмд үзүүлэх нөлөөлөл.

Ковид 19-ийн цар тахал дэгдэлтийн үед цахим хуудас, нийгмийн сүлжээ нь мэдээллийн хамгийн чухал эх сурвалж болохын зэрэгцээ худал, ташаа мэдээллийг хурдан түгээх арга зам болж байгаа гэдэг утгаараа цар тахлын үед нийгэмд эерэг, сөрөг аль аль хэлбэрээр нь нөлөөлж байна.

Хүснэгт 1. Ковид 19-ийн цар тахал дэгдэлтийн үеийн цахим мэдээлэл, нийгмийн сүлжээний эерэг, сөрөг нөлөө

Эерэг нөлөө

Сөрөг нөлөө

Эрүүл мэндийн салбарт

  • Мэдээллийг маш хурдтай дэлхийн хаанаас ч хуваалцах
  • Хамгийн сүүлийн үеийн болон илүү сайн нотолгоог олж авах
  • Судалгааны үр дүнгийн найдвартай байдлын талаар хэлэлцүүлэг хийх
  • Мэдлэг дамжих хугацааг багасгах
  • Иргэдийн хандлага, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх
  • Нийгмийн сүлжээг ашиглан онцгой байдал, хямралын удирдлагыг илүү сайжруулах

 

Эрүүл мэндийн салбарт

  • Хэт их мэдээлэлд дарагдах
  • Танин мэдэхүйн хэт их ачаалал
  • Үнэт зүйл, итгэл үнэмшилд нь нөлөөлөх
  • Ташаа болон худал мэдээлэл
  • Сандрал, үймээн
  • Их хэмжээний чанаргүй, нотолгоогүй мэдлэг

Иргэдэд

  • Засгийн газрын мэдэгдлийг хурдан олж авах
  • Гол зүйлийг агуулсан товч, ойлгомжтой мэдээллийг авах
  • Эрүүл мэндийн мэдээллийг авах
  • Онцгой байдал, хямралын удирдлагын талаарх төрийн шийдвэрийг биелүүлэхэд илүү хялбар

Иргэдэд

  • Хуурамч мэдээлэл эсвэл зориуд  бэлтгэсэн худал мэдээллийн  төөрөгдөлд орох
  • Суртал ухуулга эсвэл төлбөртэй  мэдээлэлд автагдах
  • Хэвлэл мэдээллээр нийтэд  нөлөөлөгчдийн хийсэн  хянагдаагүй мэдээг хүлээн авах
  • Олон платформоос дамжуулах  хэт их мэдээлэлд дарагдах

Эх сурвалж: A. Verner Venegas-Vera, Gates B Colbert болон Edgar V. Lerma, 2020

Цар тахлын үеэр сөрөг хүчний зүгээс олон нийтийг тодорхой үзэл сурталд автуулах, худал мэдээлэл тараах, радикалчлал, экстремизмд уруу татах, засаг захиргааны нэгжийн эсрэг аливаа тэмцэлд өдөөн турхирах зэргээр сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Түүнчлэн Ковид 19-ийг далимдуулан иргэд суртал ухуулга эсвэл төлбөртэй мэдээллийг ихээр хүлээн авч төөрөгдөлд орж зарим бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр, өндөр үнээр худалдан авах үзэгдэл гарсан.

Эндээс дүгнэхэд, ковид 19-ийн цар тахал дэгдэлтийн үед цахим хуудас, нийгмийн сүлжээ нь мэдээллийн хамгийн чухал эх сурвалж болсноор мэдлэг, мэдээллийг маш богино хугацаанд өргөн хүрээнд дамжуулах боломж бүрдэж, үүний үр нөлөөгөөр шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн салбарын бодлого боловсруулагчид, эмч мэргэжилтнүүдийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг дэлхийн хаана байрлаж буйгаас үл хамааран зэрэг хүлээн авч, цар тахалтай тэмцэх бодлого, стратеги, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ улам бүр сайжруулж байна. Цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээгээр дамжуулснаар жирийн иргэдийн хувьд мэдлэг, мэдээлэл нь нэмэгдэж цар тахлын нөхцөл байдалд дасан зохицох, даван туулах чадвар нь сайжирч байна.

Гамшиг судлалын хүрээлэнгээс Монгол Улсад Коронавируст халдварт цар тахлын дэгдэлтийн эхэн үе /2021.03.25/-д хийсэн асуулга судалгаанд “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын өвчлөл дотоодод илэрч бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор таньд сэтгэлзүйн хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?” гэсэн асуултад оролцсон 3400 гаруй хүмүүсийн 57% нь “айдастай”, “түгшүүртэй” гэж хариулсан нь иргэд сэтгэлзүйн хямрал мэдэрсэнийг харуулсан.

Зураг 1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын өвчлөл дотоодод илэрч бүх нийтийн бэлэн байдал зарласантай

холбоотойгоор иргэдийн сэтгэлзүйд мэдрэгдсэн өөрчлөлтөөс

Гадны улс орны энэ талаар хийгдсэн судалгаанд дэлхий дахинд үүсээд буй эрүүл мэндийн хямралын тодорхойгүй байдал нь хүнд урт хугацааны туршид айдас, амь насанд заналхийлэх мэдрэмжийг нэмэгдүүлснээр сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ.

ДҮГНЭЛТ

Цар тахлын үед хэвлэл мэдээлэлд тулгамдаж буй асуудалд нь нэгд нийгмийн сүлжээ хариуцлагагүй мэдээллийг нэмэгдүүлсэн, хоёрт худал, ташаа мэдээллээс урьдчилан сэргийлэхэд хүндрэл бий болсон, гуравт мэдээллийг бүх талуудад ойлгомжтой байдал хангалтгүй, дөрөвт шаардлагатай мэдээллийг хүн бүрт хүргэх хүртээмж муу байх, тавд нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдсөнөөр бүрэн бус мэдээлэл бий болох зэрэг нь хамаарч байна.

Ковид 19-ийн цар тахал дэгдэлтийн үед цахим хуудас, нийгмийн сүлжээ нь мэдээллийн хамгийн чухал эх сурвалж болохын зэрэгцээ сөрөг, хуурамч мэдээллийг хурдан түгээх арга зам болж нийгэмд эерэг, сөрөг аль аль хэлбэрээр нь нөлөөлж байна. Улс орнууд хуурамч мэдээлэлтэй тэмцэхдээ засгийн газар үнэн зөв мэдээлэл түгээхийг урьтал болгох, олон нийтэд вирусын халдвар эсвэл цар тахалтай тэмцэж буй үйл ажиллагааны талаар мэдээллэсэн иргэд, сэтгүүлчдийг баривчилж яллах зэргээр улс орны нөхцөл байдалдаа тохируулан өөр өөр арга хэмжээнүүдийг авсан.

ЗӨВЛӨМЖ

Коронавирус өөрөө маш хурдтай тархаж байгаа төдийгүй дэгдэлтийн тухай зөв, буруу мэдээлэл ч мөн хурдтай тархаж, хэвлэл мэдээллээр цар тахлын талаарх мэдээлэл байнга, олон сувгаар, хяналттай, цацагдах болсон. Мөн нөгөө талаасаа хүмүүс Ковид 19–ийн талаар үнэн зөв мэдээллийг олох гэсэн эрэлт хэрэгцээ байгаа нь хэвлэл мэдээллийг нийгэмд /микро, макро түвшинд/ зохих хэмжээнд нөлөөлөл үзүүлэх хүчин зүйл болгосон. Олон улсын мэргэжилтнүүдийн судалснаар цар тахлын үеэр иргэдийн дунд халдвар авах айдас, бухимдал давамгайлж, үүнийг ашиглан цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүй байдлаар сөрөг, хуурамч мэдээлэл тараах явдал газар авсан. ДЭМБ-аас хуурамч, ташаа мэдээллийн тархалт өвчний тархалттай адил хор хөнөөл учруулж болзошгүй тул мэдээллийг үл тоомсорлож болохгүй, аливаа ташаа мэдээллийг үргэлж няцааж, залруулж байх нь зүйтэйг зөвлөсөн.

Энэхүү судалгаанд мэдээлэл цуглуулах явцад ажиглагдсан нэг онцлог зүйл бол Ковид 19-ийн цар тахлын үеийн хэвлэл мэдээллийн нөлөөг ихэвчлэн нийгмийн эрүүл мэндийн салбарт, хиймэл оюун ашиглаж судлах хандлага түгээмэл байсан. Мөн дэлхийн дахинд хэвлэл мэдээллийн нөлөөг авч үзэхээс илүүтэй ихэнх судалгаа Ковид-19-ийн талаарх ташаа, хуурамч ба үнэн бодит мэдээллийн нөлөөг ихэвчлэн судлажээ. Иймд хиймэл оюунд суурилж мэдээллийн дүн шинжилгээ хийх ур чадвар бүхий мэргэжлийн байгууллагаар цар тахлын үеийн хуурамч мэдээллийн нөхцөл байдалд шинжилгээ хийлгэх шаардлагатай.

 

 

Судалгааны ажлын дэлгэрэнгүйг ГСҮХ-ийн  "СУДАЛГААНЫ АЖЛЫН ЭМХЭТГЭЛ-2022" номноос унших боломжтой.