Уншигч та бүхэндээ Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2022-2023 онд хийгдсэн ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫН АГУУЛГАД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ” сэдэвт судалгааны ажлыг тоймлон хүргэж байна.

Судалгааны ажлын удирдагч: доктор (Ph.D), дэд хурандаа П.Чимэдцэрэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга

Гүйцэтгэгч: хошууч С.СолонгоСургалт, бэлэн байдал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан,

А.Нарангэрэл,  Радиологи-судлаач, магистр

СУДАЛГААНЫ АЖЛЫН ХУРААНГУЙ

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх,  гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой мэдлэг, чадварыг бага наснаас нь сургаж, дадал хэвшил болгосноор гамшгийн үеийн бэлэн байдал хангагдаж, гамшгийг аль болох хохиорол багатай даван туулах ач холбогдолтой. Иймд гамшгаас хамгаалах  сургалтын агуулгыг анхаарах, хөтөлбөр, төлөвлөгөөг сайжруулах хэрэгцээ шаардлага байсан. Тус судалгаагаар гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын  нэрийг томьёолсон ба бүх түвшний боловсролын байгууллагын гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрийг дэлгэрүүлэн авч үзсэн. СӨБ, ЕБС-ын сурагчдад БСШУСС-ын  2018 оны А/181 дүгээр “Сургалтын хөтөлбөр батлах тухай” тушаалаар  “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийг сургалтын хөтөлбөрийн агуулгад, харин их, дээд сургуулийн оюутнуудад “Гамшгийн менежмент” хөтөлбөр, МСҮТ-ийн оюутнуудад  “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлийг заагдахаар болсон ба энэхүү судалгаанд тушаалын хэрэгжилтүүдийг авч үзсэн болно.

Энэхүү судалгаанаас гарсан зөвлөмж, саналын үр дүнгээр дараах асуудлыг шийдвэрлүүлж чадсан юм.

-ерөнхий боловсролын сургуулиудад заах “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН” хичээлийн агуулгыг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах санал боловсруулан, холбогдох байгууллагуудад танилцуулснаар, гамшгаас хамгаалах төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, “Гамшгаас хамгаалах улсын алба”-дад боловсролын салбарыг хамруулах зохицуулалтыг хийсэн;

-хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулсан нь дунд сургуулийн бие даалтын 7 хоногийн хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг оруулж өгсөн;

-цаашид тус судалгааг “Боловсрол судалгааны хүрээлэн”-тэй хамтран судлах болсон нь өнөө үед гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх,  гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой мэдлэг, чадварыг сайжруулах өндөр ач холбогдолтой юм.

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн олон талт асуудлыг хамаарах тул түүнийг дан ганц онцгой байдлын байгууллага хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг бүх нийт хүлээн зөвшөөрч бүх талын оролцоотойгоор хэрэгжүүлэхийг чухалчлах болсон.

 

Гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөрийн бүтцийн харьцуулсан шинжилгээг харуулахад:

Сургалт бол тухайн зорилгод хүрэхэд тус болох ур чадварыг хүмүүст эзэмшүүлэх үйл явц бөгөөд аливаа сургалтын үйл явц нь:

1. Сургалтын хэрэгцээг тодорхойлох (шаардлагатай байгаа ур чадвар, сургалтын зорилго, агуулга, хүрэх үр дүнг тогтоох)

2. Сургалтыг төлөвлөх (хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, суралцагчдын суурь мэдлэгийг үнэлэх, сургалтын аргыг сонгох) 

3. Сургалтыг хэрэгжүүлэх (хичээлийн хуваарь гаргах, сургалтыг явуулах)

4. Сургалтыг дүгнэх (сургалтын үр дүнг хэмжих, зорилго ба хүрэх үр дүнтэй харьцуулах)  гэсэн үе шатаар хэрэгжинэ.

Curriculum буюу сургалтын хөтөлбөр гэдэг нь тодорхой түвшний  боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн боловсролын зорилго, зорилт, суралцахуйн үр дүн, хичээлийн агуулга, сурах, сургах арга зүй, үнэлгээний арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, тэдгээрийн хоорондын нарийн уялдаа холбоог тодорхойлсон нэгдмэл баримт бичиг юм. 

 

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалт: Монгол Улсын Боловсрол, соёл, Шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/181 дүгээр “Сургалтын хөтөлбөр батлах тухай” тушаалаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэх “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны үед тэдний сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлаар мэргэжлийн  байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж заасан ба мөн сайдын А/491, А/492 тоот тушаал (ЕБС-ыг бага, дунд ахлах ангийн хөтөлбөр)-ийн агуулгад туссан байхаар заасан байна. Дээрх байдлаар хөтөлбөр хэрэгжихээр туссан боловч БСШУ-ы сайдын 2020 оны тушаалаар баталсан ЕБС-ийн хөтөлбөрт Аюулгүй амьдрах ухааны хичээлийн хөтөлбөр тусаагүй байгаа нь 2018 онд батлагдсан мөн сайдын тушаалтай зөрж байна.

 

Зураг 1. “Аюулгүй амьдрах ухаан” хичээлийн агуулга Ерөнхий боловсролын сургалтад туссан байдал

 

Их дээд сургуулийн хувьд: БСШУС-ын сайдын 2017 оны А/103 тушаалд зөвхөн Гамшгаас хамгаалах менежментийн хичээлийг заавал судлахаар заасан боловч сургуулиуд харилцан адилгүй орж байна. Тухайлбал, гамшиг ослын үед голлох үүрэгтэй оролцох тал болох АУИС-д огт заадаггүй болохыг тухайн сургуулиас авсан оюутнуудтай хийсэн ярилцлагын судалгаагаар тогтоосон. Харин ХААИС, МУИС зэрэг сургуулиуд энэ хичээлийг өөр өөрсдийн сургуулийн дотоод журмаар зохицуулж хөтөлбөрийг батлуулан ажиллаж байна. МСҮТ-ийн хувьд ХНХ-ын сайдын 2017 оны А/138 дугаар тушаал сургалтыг явуулдаг бөгөөд уг тушаалд сургалтын хөтөлбөр, агуулгыг давхар баталж өгсөн нь Гамшгаас хамгаалах менежмент сургалтын үр дүнд эергээр нөлөөлж байна.  

 

 

Хүснэгт 1. Оюутан, сурагч, сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн гамшгаас хамгаалах сургалтын харьцуулалт, 2011 ба 2020 он

Боловсролын түвшин

2011

2020

Өөрчлөлт

1

Сургуулийн өмнөх боловсрол

-

БСШУС-ын сайдын 2018 оны А/181 тушаалаар Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг баталсан

 

4 түвшин 17 чиглэлийн гамшгаас хамгаалах мэдлэг олгох агуулга бусад хичээлийн хөтөлбөрт туссан

2

ЕБС:

Бага, Суурь, Бүрэн дунд боловсрол 

ОБЕГ-ын даргын 2007.2.9-ны 81 тоот тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр нийт 24 цаг

3

Их, дээд сургууль

“Гамшгийн менежмент” FNDP100 кодтой хөтөлбөрөөр 1 кредит 32 цаг

1 багц цаг ≈32цаг

БСШУС-ын сайдын 2017 оны А/103 тушаалаар баталсан

Гамшгаас хамгаалах менежмент хичээлийг бүх 1-р дамжаанд үзэхээр болсон

МСҮТөв 

-

1-1.5 багц цаг

ХНХ-ын сайдын 2017 оны А/138 дугаар тушаалаар баталсан

 

Дүгнэлт, санал

Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд, ерөнхий боловсролын сурагчид, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулийн оюутнууд, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт өгөх, энэ чиглэлийн боловсролыг дээшлүүлэх түүнчлэн  гамшиг ослын үед өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалахад суралцах мэдлэг, чадвар олгох зорилгоор явуулж байгаа сургалтыг Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт гэнэ гэж энэхүү судалгаанд томьёоллоо. Бүх түвшний боловсролын байгууллага дахь сургалтын үр дүн, хүртээмжид үнэлгээ хийж, сайжруулах арга хэмжээг авах. Мөн багш нарыг сайтар бэлтгэх хэрэгцээ шаардлага байна.

Судалгааны ажлын дэлгэрэнгүйг ГСҮХ-ийн  "ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ 2022-2023" номноос унших боломжтой.