Хорватад хүчтэй газар хөдөлж, долоон хүн нас баржээ

Хорватад хүчтэй газар хөдөлж, долоон хүн нас баржээ

Хорватад өчигдөр орой (2020.12.29) 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, долоон хүн амиа алджээ. Хотуудад байшин барилга сүйрч, нурангин доороос иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Аврах ажиллагаанд зэвсэгт  хүчнийхнийг дайчилж байна. Амиа алдсан хүмүүсийн дунд нэг хүүхэд байсан ба газар хөдлөлтийн голомтоос гурван километрийн зайд 20 мянган хүн амтай Петриня хотод 12 настай охин энджээ.

Тус улсын Жажина хотод цэцэрлэгийн барилга нурсан ч тухайн үед барилга дотор хүн байгаагүй аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл Хорватын нийслэл Загреб болон хөрш Босни, Серби, бүр Италид мэдрэгджээ. Сэтгүүлчид сурвалжилга авч байх үед ч дахин чичирхийлсэн байна. 1990-ээд оны дайнд ихээр сүйдсэн Петриня хотын оршин суугчдад энэ удаагийн газар хөдлөлт маш том гарз хохирол учруулж байгааг эрх баригчид мэдэгджээ. Тус хотын дарга Даринко Думбовичийн хэлснээр, энэ хот нь 20 мянга орчим хүн амтай бөгөөд хотын оршин суугчид шинэ жилийн баяраа түр орогнуулах байранд угтахаар болсон байна.

Хорват улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар газар хөдлөлт болсноос хойш хоёр цагийн дараа нөхцөл байдалтай өөрсдийн биеэр ирж танилцан, сэргээн босголтыг даруй эхлүүлэх үүрэг чиглэл өгчээ.