2015-2019 онд

v  Гамшгийн цагийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зураг дээр томъёолсон тэмдгээр илэрхийлэх, гамшгийн урт хугацааны мэдээллийн санг баяжуулахад чухал ач холбогдол бүхий “Онцгой байдлын албаны томъёолсон тэмдэг”-ийг боловсруулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/300 тоот тушаалаар батлуулж албаны хэрэгцээнд нэвтрүүлсэн. Энэ ажлын хүрээнд 500 гаруй томъёолсон тэмдэг, тэдгээрийн тайлбарыг гаргаж, таних тэмдэг нэг бүрийг тоон хэлбэрт хөрвүүлж төрөл бүрийн программ хангамж дээр ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

v  НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн газар (UNISDR), Азийн гамшгийн бэлэн байдлын төв (ADPC)-тэй хамтран олон улсын хэмжээнд гамшгийн хохирлын мэдээ бүртгэх Desinventar програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг зохион байгууллаа. DesInventar програмын ажиллах талбарыг монгол хэл дээр орчуулж, 2005-2015 он хүртэлх 11 жилийн аюулт үзэгдэл, ослын бүртгэлийг уг програмд оруулж, гамшгийн хохирлын цахим мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг анхлан нэвтрүүллээ.

v  Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд Гамшиг судлалын хүрээлэнг Онцгой байдлын ерөнхий газарт нэгтгэхээр тусгаж Улсын Их Хурлын чуулганы 2 дахь хэлэлцүүлэгт орж байлаа. Ийнхүү нэгтгэх болсон шалтгаан нь улс орны эдийн засгийн хямралаас үүдэлтэй төсвийн хэмнэлт гарах үүднээс тухайн үеийн хүрээлэнгийн төсөв болох 289,5 сая төгрөгийг танах асуудал байв. Энэ үед Гамшиг судлалын хүрээлэнг Онцгой байдлын ерөнхий газрын бүрэлдэхүүнд нэгтгэж, бие даасан байдлыг нь алдагдуулснаар гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын зарим зорилтууд хэрэгжихгүйд хүрэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл, судалгаа, арга зүйн зөвлөмж, дүгнэлтээр хангах, Онцгой байдлын алба хуулиар хүлээсэн зарим чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг мэдэгдэхүйц бууруулах сөрөг тал үүсэх нөхцлийг Шадар сайдын Ажлын алба, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дамжуулан чуулганы хуралдаанд танилцуулж, амжилттай шийдвэрлүүлснээр хүрээлэнгийн хүрсэн түвшинг хадгалан Онцгой байдлын ерөнхий газрын харъяанд бие даасан байдлаар ажиллуулах боломж дахин бүрдсэн байдаг.

v  “Гарааны байгалийн эрдэст багсармал тэжээл” ХХК нь 2017 онд Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авч, ашигтай загварын № 2511 тоот гэрчилгээтэй байгалийн эрдэст багсармал тэжээл үйлдвэрлэхээр Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг баг дээр үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

v  Монгол орны газар тариалангийн бүс нутгуудад ганд тэсвэртэй, нутагшсан сортын үр гаргаж авах, үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/154 тоот тушаалаар Сорт сорилтын байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулан туршилт шинжилгээний ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

v  Онцгой байдлын ерөнхий газраас гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулахуйц судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэсэн гадаадын болон дотоодын байгууллага, судлаачдын баг, хувь хүнд олгох 10 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагнал дагалдах Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналыг 2018 онд бий болгосон. Тус шагналыг хүртсэн хамгийн анхны бүтээл нь Гамшиг судлалын хүрээлэнгийн судлаачдын гаргасан Химийн хорт бодисын эрсдэлийг бууруулахад ашиглах “Шингээгч иж бүрдэл ОБА.СОРБ.18.01” бүтээл байлаа. 

v  Гамшгаас хамгаалах тухай хуульд гамшгийн эрсдэлийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэхээр зохицуулсантай холбогдуулан улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэшсэн шинжээчийг бэлтгэх зорилго бүхий анхны “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг 2019 онд амжилттай зохион байгууллаа.

v  Онцгой байдлын байгууллагын 15 жилийн түүхэнд анх удаа олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдвээр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж, тус хуралд НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, НҮБ-ийн Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Япон, БНСУ, ОХУ, Хятад, Монгол Улсын 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон.

v   Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдсаны 15 жилийн ой, Монгол Улсад Улсын нөөцийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ойг угтан нөөцийн бараа хадгалалтын оновчтой төлөвлөлт, зохицуулалтын талаарх "Бараа хадгалалтын логистик" нэг сэдэвт бүтээлийг хэвлэн гаргалаа. Тус ном нь нөөцийн удирдлагын чиглэлээр монголд анх удаа гарч байгаа бүтээл юм.

v  Хүрээлэн нь судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаандаа PDCA (төлөвлө-гүйцэтгэ-шалга-сайжруул) аргыг хэрэгжүүлэх зорилгоор Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг 2019 нэвтрүүлж, чанарын баталгаажуулалтын гэрчилгээ авсан. Ингэснээр Гамшиг судлалын хүрээлэн нь олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхны эрдэм шинжилгээний хүрээлэн болсон.

v  Гамшиг судлалын хүрээлэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтан эрэн хайх, аврах ажиллагааны хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг авч үзсэн “Аврагчийн хөдөлмөр хамгаалал” сэдэвт бүтээлийг туурвин гаргалаа.