2005-2009 онд

    “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 176 дугаар тогтоолоор батлуулсанаар манай оронд анх удаа гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхзүйн орчныг бүрдүүлсэн.

    БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-аас санхүүжүүлсэн 1,2 сая ам.долларын өртөг бүхий “Гамшгаас хамгаалах судалгааны төвийг хөгжүүлэх” төслийг 2007-2008 онд амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын ур чадвар болон компьютерийн техник хангамж, хэрэглээний мэдлэг чадварыг дээшлүүлэх, химийн хортой, аюултай болон цацраг идэвхт бодис, материалын осол, гамшгийн шалтгаан нөхцлийг шуурхай тогтоон илрүүлэх, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сайжруулж, хүрээлэнгийн барилгыг шинэчлэх  ажлууд хийгдсэн.

    Гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой 126 нэр томъёо, тодорхойлолтуудыг багтаасан “Гамшгийн холбогдолтой нэр томъёо, ерөнхий анги” стандартыг боловсруулж Стандартчлал хэмжилзүйн газрын Үндэсний зөвлөлөөр 2009 онд батлуулсан. Энэ нь Онцгой байдлын албанд гамшгаас хамгаалах арга хэмжээний талаарх нэр томъёо, тодорхойлолтуудыг нэг мөр болгож өгсөн анхны үндэсний стандарт болсон юм.