Монгол Улс гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоогоо шинэчлэн зохион байгуулах түүхэн шийдвэр гаргаад 20 жилийн хугацаа өнгөрсөн. Онцгой байдлын байгууллагын нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойд зориулан байгууллагын үйл ажиллагааны ололт, амжилт, хөгжил дэвшил, ажлын үр дүнг нэгтгэн ном бүтээл болгож, сурталчлан таниулах, түүх архивын сан хөмрөг үүсгэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны А/31 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ОББ-тай холбогдолтой 1930 оноос хойших эрх зүйн баримт бичиг, ном, сурах бичиг, гарын авлага, танилцуулгыг судлан үзэж, 2004 оноос хойших материалуудыг түүвэрлэн нэгтгэж, үндсэн 8 бүлэг, 24 дэд хэсэгтэй, 599 хуудастай номын эхийг бэлтгэн хэвлүүлсэн байна. Энэхүү бүтээл нь эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, их, дээд сургуулийн оюутан, сонсогч нарт сурах бичиг болгон ашиглах боломжтой судалгааны эх сурвалж болохоос гадна нийт иргэдэд ОББ-ын талаарх түүхэн мэдээллийг хүргэх товчоон болох юм.