Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн хэмжээнд талуудын оролцоо, харилцан ажиллагааг нэмэгдүүлэх, уялдуулан зохицуулах замаар гамшгийн эрсдэлийг буруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах зорилгоор энэ сарын 18-нд Сэлэнгэ аймагт “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн хурал зохион байгуулагдах гэж байна.
Хурлыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан тус хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хэсэгчилсэн бүрэлдэхүүн болон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нар онол, практикийн хуралд ирүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдүгээр шатны шалгаруулалтыг хийлээ.
Онол, практикийн хуралд оролцохоор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдаас нийт 15 бүтээл буюу эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлжээ. Шалгаруулалтын нэгдүгээр шатанд дээрх бүтээлүүдээс 8 бүтээлийг шалгаруулж хоёрдугаар шатанд буюу 18-нд болох хурлаар эцэслэн шалгаруулах юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсанаар Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг судалгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан гаргаж танилцуулах, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, төлөвлөлтөд тулгамдаж буй асуудалд тулгуурлан зөвлөмж боловсруулж, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх, гамшгийн эрсдэлийг буруулах асуудлыг орон нутгийн болон салбаруудын хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхэд талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зэрэг үр дүнд хүрэхийг хүлээж байгаа юм.
Шинэ сэтгэгдэл нэмэх