ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 2023 онд Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн захиалгат судалгааны ажлуудын тайланг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн “Номын өргөө”-нд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх, Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Хадбаатар, Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн төлөвлөлтийн хэлтсийн Бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ахмад О.Цэнд-Аюуш нарын зарим мэргэжилтэн, судлаач нар оролцож дараах захиалгат 3 судалгааны ажлын тайланг танилцуулж хүлээлгэн өглөө. Үүнд:
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын захиалагат “Гамшгийн үед ашиглах түр байрны өнөөгийн байдал, сайжруулах боломж” сэдэвт судалгааны ажил,
Бодлого төлөвлөлтийн газрын захиалгат “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтэнд хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажил,
Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын захиалгат “Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын агуулгад хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны ажлуудын эцсийн тайланг тус тус танилцууллаа.
Тайланг хүлээлгэн өгөх хэлэлцүүлгийн үеэр ОБЕГ-ын захиалагч талын төлөөллүүд санал бодлоо солилцож цаашид судалгааны ажлыг бодит үр дүнд хүргэх, албаны үйл ажиллагаанд, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж шинэчлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бусад байгууллагуудын оролцоог хангах зэрэг асуудлуудыг онцлон хэллээ.
Судалгааны тайланг захиалагч газар, хэлтэст болон ГСҮХ-ийн “Номын өргөө”-нд нэг нэг хувийг байршууллаа.
ГАМШИГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН