Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт
ГАЗАР
ХӨДЛӨЛТИЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ
Дэлхийн
царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөн уян харимхай долгион
болон тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. Үүнийг энгийн үгээр хэлбэл таны
алхаж буй газар нь дэлхийн гадаргууд үүссэн хүчдэлийн нөлөөгөөр долгисон хөдлөх
үзэгдэлийг хэлнэ. Энэхүү хүчдэлийг үүссгэгч хүч нь янз бүр байдаг хэдий ч
дэлхийн өөрийнх нь үүсгэж буй тектоник хөдөлгөөний улмаас үүсэх газар
хөдлөлтийг бусадтай нь зүйрлүүлэх аргагүй билээ. Иймээс ч судлаачид нь газар
хөдлөлт гэдэг ойлголтыг доорхи байдлаар томъёолдог. Дэлхийн тектоник
хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян
харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ. Газар хөдлөлтийг
гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж
ангилан хуваан үздэг.
ГАЗАР ЯАГААД ХӨДӨЛДӨГ ВЭ?
Сүүлийн үед судалгаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг
дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь
үргэлжийн хөдлөгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь
нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж
эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян
харимхай долгионыг үүсгэсэнээр манай дэлхий долгисон хөдлөгөөнд ордог байна.
Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт
нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн
үүсгэсэнээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг ажгуу.
ДЭЛХИЙН ДОТООД БҮТЭЦ
Манай цэнхэр гараг нь 4,5 тэрбум орчим жилийн тэртээ үүссэн гэж
эрдэмтэд үздэг. Дэлхий хоёр туйлаасаа ялимгүй шахагдсан бөмбөлөг хэлбэртэй
бөгөөд царцдас мандал, цаваг мандал ба цөм гэсэн үндсэн 3 үе давхаргаас
тогтоно. Дэлхийн нягт ба дотоод дулаан нь дэлхийн төв рүү гээ ихэсдэг.
ЦАВАГ МАНДАЛ – Дэлхийн царцдас
мандалын доор төмөр, магни болон кальциар баялаг, хагас хайлмаг төлөвтэй
давхарга орших бөгөөд үүнийг цаваг мандал гэж нэрлэдэг. Тус давхарга нь дэлхийн
төв рүү 2900 км хүртэл үргэлжилдэг бөгөөд дээд, доод гэсэн хоёр давхаргаас
тогтоно. Цаваг мандал нь дэлхийн эзлэхүүний 84%, массын 64%-ийг эзлэх буюу нягт
нь 6.0 г/см.куб, дотоод дулаан нь 2000 0С хүрдэг.
ЦАРЦДАС МАНДАЛ – Дэлхийн гадна давхаргыг
царцдас мандал гэдэг бөгөөд манти болон цөмтэй харьцуулахад маш хатуу, нимгэн
давхарга юм. Энэ давхарга нь дэлхийн эзэлхүүний 1%-ийг эзэлдэг бөгөөд далайн
доор ойролцоогоор 5 - 10 км, эх газарт дунджаар 35 - 100 км зузаантай байдаг.
Уг давхаргын нягт нь дунджаар 2.7 г/см.куб, дотоод дулаан нь 500 0С
хүрдэг байна.
ЦӨМ – Дэлхийн төвд 3500 км-ийн
радиустай, төмөрлөг ихтэй бодисоос бүрдсэн нягт хэсэг орших бөгөөд үүнийг цөм
гэж нэрлэнэ. Цөмийн нягт 12.5 г/см.куб, дотоод дулаан нь 3000 0С
хүрдэг бөгөөд гадаад дотоод гэсэн хоёр хэсгээс тогтдог.
Дэлхийн гадаргуу нь үүссэн цагаасаа хойш гадна, дотны хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга хувирч өөрчлөгдсөөр иржээ. Эдгээр хувьсал нь янз бүрийн шалтгаантай ба нэг хэсэг нь эвдрэн мөхөж байхад нөгөө хэсэг нь шинээр сэргээгдэн буй болдог. Өөрөөр хэлбэл дэлхий царцдас мандал нь мөнхийн хөдөлгөөнд оршдог.
БАЛЛ, МАГНИТУДЫН ХАРЬЦУУЛАЛТ
Харьцуулсан
үндэслэл |
Мергаллын
балл |
Рихтерийн
магнитуд |
Зөвхөн
багаж мэдэрнэ |
I |
3.4 |
Зарим
хүн мэдэрнэ |
II –
III |
3.5 –
4.2 |
Олон
хүн мэдэрнэ |
IY |
4.3 –
4.8 |
Бүгд
мэдэрнэ |
Y |
4.9 –
5.4 |
Барилгад бага зэрэг эвдрэл үүснэ |
YI – YII |
5.5 – 6.1 |
Барилгад нилээд хэмжээний эвдрэл
үүснэ |
YIII – IX |
6.2 – 6.9 |
Маш их хэмжээний эвдрэл барилгад үүснэ |
X |
7 – 7.3 |
Ихэнх барилгууд нурна |
XI - XII |
7.4 – 7.9 |
ГАЗАР
ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
ГАЗАР
ХӨДЛӨЛТ БОЛОХЫН ӨМНӨ:
- Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль,
ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
- Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
- Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь
хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол
коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
- Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх
зэргээр дадлага, сургуулилт хийх
- Аюулын үед барилга, байшингаас гарах гарц,
аюулын гарцыг мэддэг байх
- Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг
хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
- Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж
үзүүлэх чадварыг эзэмших
- Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад
суралцах
- Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд
тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
- Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
- Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол
байрлуулах
- Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын
газар тусгаарлан хадгалах
- Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар
ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
- Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй
байршил, газрын тогтоох
- Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх
гутал байлгах
- Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг
мэддэг байх
- Галын хор ашиглаж сурах
ГАЗАР
ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ЮУ ХИЙХ ВЭ?
ГАЗАР
ХӨДЛӨХ ҮЕД БАЙШИН ДОТОР БАЙГАА БОЛ:
- Тайван бай, үймж сандрах хэрэггүй
- Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана,
булан, даацын багана гэх мэт.
- Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ
л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
- Бат бөх ширээн доогуур орох
- Цонхноос хол байх
- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн
доор зогсохгүй байх
- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс
унасан зүйл цохих аюул харьцангуй бага
ГАЗАР
ХӨДЛӨХ ҮЕД ГАДНА БАЙГАА БОЛ:
- Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны
шонгоос хол, аюулгүй газар олох
- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт
зогстол машинаасаа гарах хэрэгггүй
- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох,
гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү
хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
- Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа
суугаад толгойгоо хамгаалах
- Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол
лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
- Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу
нурж унахаас болгоомжилох
ГАЗАР
ХӨДЛӨЛТИЙН ДАРАА ЮУ ХИЙХ ВЭ?
- Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл
ухаанаар эргэн тойрноо харах
- Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
- Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал
ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
- Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж,
тээвэрлэж болохгүй
- Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
- Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
- Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны
хэрээр аврах
- Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох
хэрэггүй
- Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой
бол өөртөө анхны тусламж үзүүлэх
- Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар
нэгэн юм нүдэх/
- Гал гаргаж болохгүй
- Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
- Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
- Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
- Цахилгаанаа яаран бүү залга
- Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах