АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн танилцуулга

Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв нь анх 2011 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар гал, хими, цацраг, зайнаас тандан судлах лабораториудын үйл ажиллагааг нэгтгэн нэгдсэн нэг удирдлагаар хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд туршилт шинжилгээг ашиглах зорилгоор Нэгдсэн лаборатори нэртэйгээр байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Тус лабораториудын албан хаагчид 2012 оноос хойш томоохон гал түймрийн хэрэг болох Олон улсын Нарантуул худалдааны төв шатсан хэрэг, Сонгинохайрхан дүүрэгт нэг гэрийн 9 хүн шатаж нас барсан хэрэг, Дархан-Уул аймагт ахуйн хэрэглээний хий дэлбэрсэн хэрэг гэх мэт гал түймрийн хэрэгт шинжээчээр, Мах Импекс ХК, Монгол Мах Экспо ХК-д гарсан аммиакын алдагдал, Дархан-Уул аймгийн Хонгор суманд алдагдсан мөнгөн усны ослын дуудлагаар, цацрагийн лабораторийн албан хаагч нь 2011 оны 08 сард Японоос оруулж ирсэн цацрагийн бохирдол бүхий 23 машинд идэвхжилийг бууруулах зэрэг ослын голомтод туршилт шинжилгээг хийж, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж байлаа. Лабораториуд нь 2012 онд MNS ISO 17025:2007 стандартын дагуу Олон улсын итгэмжлэлд хамрагдсан.

Гамшиг судлалын хүрээлэнгийн Нэгдсэн лаборатори нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/46 тоот тушаалаар Гамшгийн туршилт, шинжилгээний төв, 2018 оны 03 сарын 13-ны өдрийн А/95 тоот тушаалаар Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв нэртэйгээр төвийн дарга /чанарын менежер/ 1, галын инженер-судлаач 1, химич-судлаач /техникийн менежер/ 1, цахилгааны инженер-судлаач 1, химич-хүнс, үр тарианы шинжээч 1, радиологич-судлаач 1, лабораторийн (гал) техникч 1, лабораторийн (хими) техникч 1 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байна.

Төвийн үйл ажиллагааны эрхэм зорилго

MNS/ ISO/IEC 17025:2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартыг нэвтрүүлэн, чанар техникийн удирдлагын тогтолцоог бий болгох гал, хими, цацрагийн ослын голомтод ажиллаж, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахад оршино.

Төвийн зорилт

Лабораторийн шинжилгээ туршилтын тогтолцоонд стандартын шаардлага хангахуйц нөхцөлийг бүрдүүлэн, шударга байдал, тууштай үйл ажиллагааг явуулах;

Лабораторийн туршилт, шинжилгээний үр дүнд хамаарах асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас сэтгэл хангалуун бус байх нөхцөлийг гаргуулахгүй ажиллах;

Туршилт, судалгаа сорилт явуулах хүний нөөцийг сургаж бэлтгэх, дадлагажуулах;

Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх;  

MNS/ISO/IЕC 17025-2018 стандартын шаардлагыг хангах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.